Африкийн хамгийн олон жил төр барьсан удирдагч бүрэн эрхийн хугацаагаа сунгалаа

2016 оны 04 сарын 26

Өдгөө төрийн эрхэнд буй Африк тивийн төдийгүй дэлхийн удирдагчдаас хамгийн олон жил засгийн эрх барьж байгаа Эквадорын Гвиней улсын Ерөнхийлөгч Теодор Обианг өнгөрөгч ням гаригт болсон сонгуулиар сонгогчдын 90 хувийн санал авчээ. Ингэснээр 37 дахь жилдээ эрх барьж байгаа түүний бүрэн эрхийн хугацаа дахин долоон жилээр сунгагдаж байна.

Энэ жил 73 настай Теодор Обианг нь 1979 онд төрийн эргэлтээр авга ахаасаа засгийн эрхийг булаасан аж. Тэрбээр эрх мэдлээ бататгахын тулд Үндсэн хуулийг байнга өөрчилдөгөөрөө, ард иргэд нь ядуу буурай байхад олон сая ам.долларын хөрөнгөтэйгөөрөө Зимбабве, Ангол зэрэг Африкийн бусад орны төрийн тэргүүн нартай адилхан юм. Хэдийгээр Эквадорын Гвиней нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр Африктаа тэргүүлдэг орны нэг ч иргэдийнх нь гуравны нэг хувь нь амьжиргааны түвшнөөс доогуур амьдралтай гэгддэг. Тус улсыг мөн Африкийн хамгийн эрх чөлөөгүй, хаалттай улс гэх нь олонтаа. Обиангийн засгийн эрхийг залгамжлах ууган хүү нь саяхан 380 сая ам.доллараар дарвуулт онгоц худалдаж авсан гэх мэдээлэл барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан ч энэ тухай Эквадорын Гвинейд дуулсан хүн бараг байгаагүй гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД