Германд төгсөгчдийн чуулга уулзалт болно

2016 оны 04 сарын 26

ХХ зууны хориод оны дундуур Монгол оюутан сурагчид Герман улсад суралцаж эхэлсний  90 жилийн ой энэ онд тохиож буй.  Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургуулиас сурлага, сахилга батаараа шалгарсан 35 хүүхэд эрдэм сурахаар1926 оны дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Өрнөдийг зорин мордсон түүхтэй. Энэ түүх нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа тэр онд эхэлснийг гэрчилж буй. Тиймээс ХБНГУ-д төгсөгчид санаачлан энэ сарын 27, 28-нд чуулга уулзах хийх болжээ. Мөн  Германы эрдмийн солилцооны алба (DAAD) Архивын ерөнхий газартай хамтран "Алс газар сурахаар одогсод" сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг маргааш Германы ЭСЯ-ны байранд гаргах юм.

Германд сурсан анхны монгол сурагчид хожмоо Монгол Улсын шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг,  улс ардын аж ахуйн тэргүүлэх сэхээтнүүд болж, алдар нэрээ мөнхөлсөн байдаг. Тухайлбал, тэдний дунд их зохиолч Д.Нацагдорж,  Төрийн шагналт, Ардын зураач Л.Намхайцэрэн, анхны Ардын багш Г.Батсүх, Төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдаг, Гавьяат багш С.Бавуу, геологийн ухааны анхны доктор Ж.Дүгэрсүрэн, Монгол киноны анхны найруулагч Т.Нацагдорж, Б.Гомбо, Төрийн шагналт, Гавьяат мал зүйч, академич Т.Аюурзана, зохиолч,  орчуулагч Н.Наваан-Юндэн,  аж үйлдвэрийн комбинатын ууган ажилтан Х.Юмбүү, утга зохиол судлаач Б.Содном, улсын хэвлэх үйлдвэрийн ууган инженер Ц.Баатарсэнгэ, М.Лувсаннамжил нар байдаг юм. Тэр үеэс өдий хүртэл нийт 2700 монгол хүн Германы эрдмийн солилцооны алба(DAAD)-ны тэтгэлэгт хамрагдан Германд боловсрол эзэмшсэн байна.  Хамтын ажиллагааны явцад өргөн хүрээтэй, урт хугацааны хамтарсан төслүүд ялангуяа археологи, биологи, уул уурхай, хүрээлэн буй орчин гэх мэт салбарт хэрэгжиж  үр дүнгээ өгчээ.  

Түүнчлэн МУБИС, ХИС, МУИС дахь Германы эрдмийн солилцооны алба(DAAD)-ны суурин төлөөлөгчдөөр дамжуулан  хэл шинжлэлийн судалгаа, их дээд сургуулийн герман хэлний сургалтыг олон жилийн хугацаанд дэмжиж ирсэн аж. Мөн 2013 онд Герман-Монголын хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль байгуулагдсан билээ. Герман Монголын боловсролын солилцооны 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй уг чуулга уулзалтаар өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэж, цаашид хамтран хэрэгжүүлэх шинэ санаа дэвшүүлэх, санал бодлоо солилцох зорилготой. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.194.118.114 heden tsagt