Энэтхэгээс авах 1 тэрбум ам.долларын зээл эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө

2016 оны 04 сарын 26

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Энэтхэг Улсаас авах 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслахад зориулан 1 тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсонтой холбогдуулан уг эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгож санал боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар байгуулан ажиллуулжээ. Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг энэтхэгийн талтай 2016 оны 3 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд хийж зээлийн нөхцөлийг тохиролцсон байна. Зээлийн ерөнхий нөхцөлийн хувьд зээлийн жилийн хүү нь 1.75 хувь, хугацаа нь 20 жил байх бөгөөд эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Харин нэмэлт нөхцөлийн хувьд дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш төсөл, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш төслүүдэд зээлийн жилийн хүү нь 1.75 хувь, хугацаа нь 25 жил байх, үүнээс эхний 7 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж.

Энэтхэг Улсын Засгийн газрын зээлийн шугам нь Засгийн газрын дэд бүтцийн, тухайлбал төмөр зам гэх зэрэг томоохон төслүүдэд зориулагдсан агаад төслийн хүрээнд хийгдэх ажлаас хамаарч Энэтхэгийн гарал үүсэлтэй бараа, үйлчилгээний худалдан авалтын хэмжээ /75 хувь/ өөрчлөгдөх боломжтой талаар мэдэгджээ. Экспорт-Импорт банк нь энэхүү хувь оролцооны хэмжээг Энэтхэгийн Гадаад хэргийн яамны саналд үндэслэн тогтоодог байна.

Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд “зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэх”-ээр тусгагдсаны дагуу уг зээлийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг зөвшилцөж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.194.59 mongol zurhaid baruun zugt tumur zam ediinzasag
103.26.194.59 oroltsoonii ediin zasag
203.169.50.164 Баруун чиглэлийн төмөр зам чухал шүү