180 метр урт торгон дээр Монголын нууц товчоог урлажээ

2016 оны 04 сарын 27

Хүүхдийн төв номын сангийн хойморт 180 метр урт торгон дээр урласан Монголын нууц товчоог дэглэжээ. Хон хэрэйдийн Б.Энхбатын санаачилгаар эхлүүлсэн энэ бүтээлийг түүний гэргий Т.Сумъяа, охин Э.Гуамарал, охиных нь найз Д.Хэрлэн нар шагласан байна. Өдрийн найман цагийн ажлаар тооцвол таван жилтэй тэнцэх 12500 орчим цагийн хөдөлмөрөө зориулж урласан Монголын нууц товчоогоо тэд анх Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэхэд олны хүртээл болгохоор зорьжээ. 2005 онд эхлүүлсэн энэ бүтээлээ 2007 онд олны хүртээл болгох ёстой байсан ч чадалгүй байсаар энэ жил анх удаа нийтэд үзүүлж буй аж. 

Цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ээж, эмээгээсээ уран хамтгамал сурч, өвлөн яваа Т.Сумъяа гуай өдгөө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг. Залуу хойч үедээ өв соёлоо танилцуулж, Эзэн Чингис хааныхаа намтар түүхийг хураангуйлсан Монголын нууц товчоог хосгүй хэлбэрээр нийтийн хүртээл болгох нь тэдний гэр бүлийнхний зорилго байжээ.  

Тэд бүтээлээ даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 25-нд Хүүхдийн төв номын санд дэлгэжээ. Тавдугаар сарын 5 хүртэл олны хүртэл болгох хэдий ч цаашид энэ бүтээлээ хаана хадгалж, хэрхэн олон түмэнд хүргэхээ мэдэхгүй байгаа аж.

"Маш том хэмжээтэй бүтээл учраас олон улсад эх орноо сурталчлах, аялал жуулчлалын холбогдолтой үйл ажиллагааны үеэр дэлгэж үзүүлбэл сайн л байна" хэмээн бүтээгчид нь энэ тухай ярилаа. Монголын нууц товчооны 191793 үсэг бүрийг нэг бүрчлэн оёж, 18 ширхэг уран хатгамал зураг, 45 ширхэг зээгт наамлаар чимэглэжээ. Монголын нууц товчоог монгол бичгээр бичихэд 5280 мөр болсон гэнэ.

Өнөд мөнх оршихын бэлгэдэл болсон цэнхэр торгон дээр Монголын нууц товчоог урлаж, тэжээн тэтгэхийн шар, хүч чадлын хар, ариун тансагийн цагаан, өөдлөн бадрахын улаан өнгөөр эмжжээ. Өв соёлоо танилцуулж, хойч үедээ хосгүй бүтээл болгон үлдээх нь Б.Энхбатын гэр бүлийн эрхэм зорилго байсан учраас энэ бүтээлээр ямар нэгэн дээд амжилт тогтоохыг зориогүй гэлээ. 

Тэрбээр гэр бүлийнхнийхээ өмнөөс Д.Оюунбилэг захиралтай Хүүхдийн төв номын сангийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлсэн. Том хэмжээтэй бүтээлийг нийтэд үзүүлэх танхим олох амаргүй ч тус номын сангийнхан шууд дэмжиж, хүлээн авсан гэлээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.212.117.152 Olon jiliin uigagui xodolmor shuu xiij bx ued xarj bsan cag nargui l oeod suudag bsan daa .amjilt xusie sumiy egchdee uls oron iim sxan uiliig unelex xeregtei dee
203.91.119.163 mundag yumaa uneheer aguu
175.115.254.151 vneheer mongoliin ard tvmeniihee omnoos bayrlaj talarhsanaa ilerhiilj bna ta bvhend ajil hodolmor tani vrgelj bvtemjtei ervvl enh az jargaliig hvsie
122.201.31.18 Мундаг ажлын ард гарчээ, гайхамшигтай. Та нартаа хамгиин сайн сайхныг хусэн ероое
182.160.36.120 mash ih hudulmur setgel zutgel orjeee. Baharhaltai saihan buteel