“Ард Аюушийн алдар гавьяа, нэр төр бүдгэрэх ёсгүй”

2016 оны 04 сарын 27

“Ард Аюушийн амьдрал, эрх чөлөөний төлөөх тэмцэл” эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр Монголын үндэсний музейд болж, эх оронч тэмцэгчийн амьдрал, үйлсийн тухай олон чухал илтгэл тавигдан хэлэлцүүлэг өрнүүллээ. “Ард Аюуш” сангийн санаачилгаар Монголын үндэсний музей, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Архивын ерөнхий газар хамтран зохион байгуулсан уг хурлыг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нээсэн нь учиртай. Тэрбээр Ард Аюушийн тав дахь үеийн хүн бөгөөд түүний нэрэмжит сангийн тэргүүн юм. “Монголчууд бид нийтээрээ харийн эрхшээлд толгой гудайн явсан харуусалт цаг эдүгээгээс тийм ч хол биш билээ.

Гэвч өнөөдрөөс 100 гаруй жилийн өмнө шударга ёс, тэгш эрхийн төлөө тэмцэнэ гэдэг хялбар зүйл байгаагүй. Тэгвэл Ард Аюуш тэр бэрх цагт алсын хараатай хөдөлж, зөвхөн хуулийн заалтыг ярьж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хамжлагат ёсны хязгаарлагдмал эрх зүйн зохицуулалтын хүрээнд зохицон тэмцэж, улмаар ялж чадсанаараа гайхагддаг. Түүний амьдрал тэмцлийн түүхэн сургамж өнөөдөр улам бүр үнэ цэнэтэй болж байна. Аюушийн алдар гавьяа, нэр төр бүдгэрэх ёсгүй” хэмээн Г.Баярсайхан нээлтийн үеэр онцлов.

Ард Аюуш судлалын өнөөгийн байдал, цаашдын зорилт хийгээд “Ард” хэмээх алдрын талаар, үр хойчсынх нь тухай, түүний удирдсан хөдөлгөөний заргын бичгүүдийг мөшгисөн талаар гээд олон илтгэл тавигдсанаас Монголын үндэсний музейн сан хөмрөгийн эрхлэгч Б.Ууганбаярынх илүүтэй сонирхол татлаа. Аюушийн эдэлж хэрэглэж байсан гэх нэгэн түрийвч тус музейд хадгалагдаж байдаг бөгөөд Б.Ууганбаярын илтгэлд дурдсанаар энэ нь XX зууны эхний хагаст ОХУ юм уу, Европын оронд үйлдвэрлэгдсэн байх магадлалтай гэнэ.

Ард Аюушийн хэрэглэж байсан мөнгөний түрийвч

Монголын үндэсний музейн сан хөмрөгт энэхүү мөнгөний түрийвчийг хэн, хэзээ авчирч хадгалуулсан нь тодорхойгүй ч 1960-аад онд авчирсан болов уу гэж таамаглаж буй юм билээ. Түрийвчийг дагалдаж ирсэн худам монгол бичгээс харахад Думаагийн Наваан гэдэг хүн өгсөн байх магадлалтай гэсэн. Тус музейн сан хөмрөгт түрийвч тун ховор байдгийн нэг нь энэ аж.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД