ХБК-ийн сурагчид А.Моцартын “Увдист лимбэ” дуурийг тоглоно

2016 оны 04 сарын 28

Хот, хөдөөгийн мэргэжлийн урлагийн байгууллагын хүний нөөцийн ихэнхийг бэлтгэдэг Хөгжим бүжгийн коллежийнхон өнгөрсөн жилээс хойш бүрэн хэмжээний дуурь тоглож, тайлан тоглолт хийх болсон. Тус сургуулийн төгсөгчид бүрэн хэмжээний, дуурь балет амжилттай тоглож, ДБЭТ-т ажилладаг ах, эгч нараасаа дутахгүй гэдгээ харуулж  дипломаа хамгаалдаг болжээ. 2015 оны төгсөгчид И.Штраусын “Сарьсан багваахай” оперетта, С.Прокофьевийн “Үнсгэлжин” балетыг тоглосон бол энэ жил А.Моцартын “Увдист лимбэ” дуурийг шинээр тавих гэж байна.

Дуурийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Эрдэнэбаатар, симфони найрал хөгжмийн удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат ажиллаж байгаа бол хормейстер нь Д.Нандинцэцэг аж. А.Моцартын гайхамшигт хөгжмийг сонирхолтой харилцан яриатай хослуулсан хөнгөн хэлбэртэй эл дуурь хүүхдийн урлагийн боловсролд онцгой нөлөө үзүүлж чадах бүтээл хэмээн найруулагч онцолж байв. 1993 онд тэрбээр энэ дуурийг ДБЭТ-ын тайзнаа анх тоглуулж, 2004 онд Германы уран бүтээлчидтэй хамтран шинэчилж байсан аж.

ХБК-ийн сурагчид тавдугаар сарын 5-нд “Увдист лимбэ”-ээ Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглож, багш нар болон найз нөхөд, гэр бүлийнхэндээ ирээдүйн уран бүтээлийн эхлэлээ танилцуулах гэнэ. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД